Дархан-Уул аймгийн Оёдол үйлдвэрлэлийн мэргэжлийн "Найрамдал" холбооноос санаачлан "Дарханд үйлдвэрлэв – Дарханаараа хэрэглэе" төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх зөвлөлдөх уулзалт, хэлэлцүүлэг, үзэсгэлэн худалдаа, загварын үзүүлбэрийг зохион байгууллаа.
Дархан-Уул аймгийн Оёдол үйлдвэрлэлийн мэргэжлийн Найрамдал холбооноос санаачлан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны дэмжлэгтэйгээр Жижиг дунд үйлдвэрийн газар, Зээлийн батлан даалтын сан, Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Дархан-Уул аймаг дахь салбар танхим хамтран тус арга хэмжээг зохион байгууллаа.
Төрөөс үндэсний үйлдвэрлэлийг дэмжих бодлого, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Цагаан алт" үндэсний хөдөлгөөн, "Эх оронч худалдан авалт" санаачилгын хүрээнд үндэсний үйлдвэрлэгчдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, орон нутгийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, дотоодын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлэх зорилготой юм.
Түүнчлэн орон нутагт оёмол, хувцас үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулж буй жижиг, дунд үйлдвэрүүдийн нөөц боломжийг нэгтгэн хөгжүүлэх, үйлдвэрлэлээ өргөжүүлэх, шинэ зах зээлд нэвтрэх, худалдан авагч байгууллагуудтай тогтвортой хамтын ажиллагаа тогтооход энэхүү арга хэмжээ чухал ач холбогдолтой болж байна.
Мөн үеэр орон нутгийн үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг зохион байгуулахаас гадна үндэсний үйлдвэрлэгчдийн шинэ бүтээгдэхүүн, загварын үзүүлбэрийг олон нийтэд толилуулав.
"Төрийн болон байгууллагын худалдан авалтад үндэсний үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлэх нь" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулж салбарын өнөөгийн нөхцөл байдал, хөгжлийн чиг хандлага, төрөөс хэрэгжүүлж буй бодлого, үйлдвэрлэгчдийн тулгамдсан асуудлыг хэлэлцэв. Цаашид ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дүрэмт хувцас, цэцэрлэг болон эрүүл мэндийн байгууллага, уул уурхай, барилга, төрийн байгууллагын ажлын хувцасны хэрэгцээг орон нутгаас кластерын зохион байгуулалтаар нийлүүлэх тогтолцоог бүрдүүлж, тогтвортой ажлын байр бий болгох, шинээр бэлтгэгдэж буй хүний нөөцийг дэмжихэд чиглэлээр талууд санал солилцов.
Төрөөс үндэсний үйлдвэрийг дэмжих талаар баримталж буй бодлогыг доорх холбоосоор авна уу.
https://online.fliphtml5.com/cihmvt/jkov/#p=1

