Малын гаралтай түүхий эдийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, хаягддаг биш үйлдвэрийн процесст оруулж эдийн засгийн үр өгөөжийг тэлэх мал аж ахуйн кластер төсөл болох "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн суурь дэд бүтэц буюу Дулааны цахилгаан станц, Бохир ус цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажлыг эхлүүлэх шав тавих ёслол 2026.09.21 боллоо.
Ёслолын үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Төсөл хөтөлбөрийн зохицуулалт, иргэний нийгмийн бодлогын зөвлөх Б.Жавхлан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва, Эмээлт эко аж үйлдвэрийн парк ХК-ийн удирдлагууд, төсөл хэрэгжүүлэгчид болон аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцлоо.

Мал аж ахуйн үйлдвэрлэлийг төрөлжүүлэх Эмээлтийн аж үйлдвэрийн паркийг байгуулах тухай асуудал 2007 оноос анхлан яригдаж, 14 онд албажиж сүүлийн 4 жил эрчимтэй үйл ажиллагаа явснаар өнөөдөр томоохон бүтээн байгуулалт эхлэх түүхэн өдөр тохиож байгаа юм.
Эмээлт эко аж үйлдвэрийн парк нь Мах, дайвар бүтээгдэхүүн боловсруулах, Арьс шир, ноос ноолуур боловсруулах гэсэн үндсэн 2 хэсэгтэй байх бөгөөд нэг ёсондоо малыг малчдын гар дээрээс шууд нийлүүлэн тус бүрийн түүхий эдийг үйлдвэрлэлийн шат дамжлагад оруулж дахин боловсруулах, нэмүү өртөг шингээн эцсийн бүтээгдэхүүн болгон экспортлох эдийн засгийг дэмжиж төрөлжүүлэх зорилготой юм.

Мөн ХУД-ийн 20-р хороонд байрлах арьс шир боловсруулах үйлдвэрүүдийг Эмээлтийн эко аж үйлдвэрийн паркруу нүүлгэн шилжүүлж өнөөдрийн үйлдвэрлэлийн болон суурьшлын бүс нийлсэн, хөрсний бохирдол зэрэг асуудлуудыг цогцоор шийдвэрлэх юм.
Эмээлтийн парк байгуулагдсанаар жилд 7.5 сая ширхэг арьс шир, 3 мянган тонн ноос, 5.8 мянган тонн ноолуур, 25 мянган.тн мах, 8 мянган.тн дайвар түүхий эдийг олон улсын стандартын шаардлага хангасан үйлдвэрийн аргаар, байгальд орчинд ээлтэй үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар боловсруулан эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж энэ нь улсын түүхий эдийн 43.5%-ийг боловсруулах хүчин чадалтай байна. Нийтдээ 5600 орчим ажлын байрыг бий болгож, Нийт хөрөнгө оруулалтаа 6.7 жилийн хугацаанд нөхөх бөгөөд 1.72 их наядын орлого олж, татварт 86.3 тэрбум төгрөгийг бүрдүүлнэ гэж төлөвлөж байна.

Эмээлтийн эко аж үйлдвэрийн парк Улаанбаатар хотоос 30 км-ын зайд Хан-Уул дүүргийн 13-р хороо Шар хөвийн хоолойд байрших бөгөөд 539 га газрыг хамарч байгаа юм
Паркт шинээр баригдах Дулааны цахилгаан станц болон Бохир ус цэвэрлэх байгууламжийн гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Хуа Зи Технологи” ХХК, “Хуа Ши Энержи Индастри” ХХК компани тендерийн дагуу шалгарсан бөгөөд Дулааны цахилгаан станц нь паркийг дулааны эрчим хүч болон технологийн уураар найдвартай хангах бөгөөд 24 МВт хүчин чадалтай байна. Цэвэрлэх байгууламж нь хоногт 6,700 м³ бохир ус цэвэрлэх хүчин чадалтай байж паркт үйл ажиллагаа явуулах арьс шир, ноос, ноолуур, мах, малын гаралтай дайвар бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүдээс үүсэх үйлдвэрийн бохир ус болон паркийн бүсэд баригдах орон сууц, үйлчилгээний байгууллагуудын ахуйн бохир усыг цэвэрлэх зориулалттай байна