Монгол Улсын Ерөнхийлөгчийн Төсөл хөтөлбөрийн зохицуулалт, иргэний нийгмийн бодлогын зөвлөх Б.Жавхлан “Дархан Нэхий” ХК-д ажиллаж, “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд хэрэгжүүлсэн шинэчлэл, шинэ бүтээгдэхүүнтэй танилцлаа.

1972 онд байгуулагдсанаас хойш 54 дэх жилдээ тасралтгүй ажиллаж буй “Дархан Нэхий” ХК нь Монгол Улсын арьс шир боловсруулах салбарын ууган, тэргүүлэх үйлдвэрийн нэг бөгөөд 350 гаруй ажилтантай, жилд 300,000 ширхэг бодын шир, 1.5 сая ширхэг богийн арьс боловсруулах, 500 мянган ширхэг савхин хувцас, 500 мянган хос гутал үйлдвэрлэх хүчин чадалтай ажиллаж байна.

Тус компани "Цагаан алт" үндэсний хөдөлгөөний хүрээнд өөрийн боловсруулсан арьсны тайрсан ноосоор шахмал /техникийн/ эсгий, ширмэл ноосон дотор үйлдвэрлэх төслийг хэрэгжүүлж, импортыг орлох бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлээд байна.
- Үндсэн үйлдвэрлэлээс гарах хаягдал хоёрдогч түүхий эд болж, бүтээгдэхүүний нэр төрөл нэмэгдэж байна
- 80 хувийн ноостой дотор нь импортын 20 хувийн ноостой бүтээгдэхүүнийг орлож байна
- Жилийн бүх улиралд тасралтгүй ажиллах боломжтой, эрчим хүчний 20 хувийн хэмнэлттэй, шинэ ажлын байр нэмэгдэж байна
- Хүүхдийн хантааз, бомбер, өвлийн куртка зэргийг ширмэл ноосоор доторлож, термо дулаан баригч давхарга нэмсэн тул Монголын өвлийн хүйтэнд дааруулахгүй. Мөн хонины нэхий дотортой хантааз, куртка үйлдвэрлэж байна.
- Цэвэр монгол үхрийн ширэн ажлын гутлын уллагааг direct injection технологиор шууд цутгадаг болсон нь чанарын том дэвшил болжээ. 2 тонны даацтай, 300°C халуунд тэсвэртэй нь лабораторийн туршилтаар баталгаажсан.
- Шахмал ноосоор хийсэн эсгий гудас маш өндөр борлуулалттай байна. Аяны зориулалттай, эвхэгддэг, ууттай, хөнгөн, хатгахгүй.
- Боловсруулсан арьснаас гарсан гологдол арьсыг шахаж боловсруулан интерьерийн доторлогооны хана хийж эхлээд байна.

Тус компани ийнхүү түүхий эдээс эцсийн бүтээгдэхүүн хүртэлх бүхий л шатыг өөрсдөө гүйцэтгэж байна.
Импортоор орж ирдэг чанар муутай хувцас, куртканы оронд монгол малынхаа түүхий эдээр, Монголдоо үйлдвэрлэсэн, өндөр чанартай, үнэ хямд бүтээгдэхүүнээ сонгож, эх оронч худалдан авалт хийцгээхийг уриалж байна.
